“Харбин-2025” Азийн өвлийн наадамд зориулж шинэ цэнгэлдэх хүрээлэн барихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-01 14:41:19

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хятадын Харбин хотод 2025 оны хоёрдугаар сарын 7-нд Азийн өвлийн спортын IX наадам хөшгөө нээнэ.


Дөрвөн жилд болдог уг наадамд 34 орны баг оролцохоо мэдэгдсэн нь дээд амжилт юм. Тэгвэл тус наадамд оролцох багуудын ахлагч нар хуралдах үеэр “Харбин-2025”-ыг зохион байгуулах хорооноос бэлтгэл ажлын явцыг танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцжээ.


Тодруулбал, Азийн өвлийн наадмын үeэр баг тамирчид, хүндэт зочид, хэвлэл мэдээлэл болон хөгжөөн дэмжигчдийг хэрхэн хүлээн авах, оролцуулах, байрлуулах, тэмцээнийг үзүүлэх, тээврийн үйлчилгээ, харуул хамгаалалт, эмнэлэг, допингийн хяналт, мандат бүртгэлийн зэрэг 10 гаруй асуудлын талаар мэдээлэх хийсэн аж. Наадамд оролцох тамирчдыг Харбин, Ябули хотод олон хүн нэгэн зэрэг байрлан, хооллох боломжтой “Викториес”, “Бейдахуан” зочид буудалд хүлээн авч, тамирчдын тосгон хэлбэрээр ашиглах болсон байна. Түүнчлэн наадмыг явуулахын тулд шинээр өвлийн спортын ордон, барилга барихгүй аж. Харин 1996 онд явагдсан Азийн өвлийн III наадам, 2009 онд зохиогдсон дэлхийн оюутны спортын “Универсиад” наадмын спортын байгууламжуудыг ашиглан явуулахаар болжээ.


Азийн өвлийн спортын наадамд Монголын баг тамирчид биатлон, цана, тэшүүр, шорт трейк, уулын цана, хоккей, фристайл, снөүборд, кёрлинг, уран гулгалт зэрэг төрлөөр оролцохоор мэдүүлэг өгсөн бөгөөд наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан ажиллах юм.

Related news