Ихэнх нутгаар энэ сарын 5-наас сэрүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно.
Энэ 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулав.
2024 оны 10-р сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи 4-нд нутгийн зарим газраар, 5-нд говь, талын нутгаар, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 4, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 7-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.