БАЯНХОНГОР: Сансрын 7 хоногийг орон нутагт анх удаа зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх Unitel HUB-д сансрын 7 хоногийн нээлт боллоо.
Нээлтэд зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Н.Мэндбаяр, Баянхонгор аймаг дахь Юнител салбарын захирал Г.Жамьяндулам, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Батцэцэг нар болон хүүхэд багачууд оролцов.
Хүүхдийг сансар огторгуйгаар дамжуулан шинжлэх ухаанд сонирхолтой болгох зорилготой тус үйл ажиллагаа Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар буюу Гэрлэх ёслолын ордонд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд:
- Сансар огторгуй, шинжлэх ухааны үзэсгэлэн
- Өөрийн гараар пуужин хийж хөөргөх
- Сансрын нисгэгчийн шалгалт өгөх
- Сансарт гарах жингүйдлийг мэдэрч үзэх
- Цаасан онгоцны мастер болох
- Сансрын гэрэл зургийн үзэсгэлэн
- Сансрын шинжлэх ухааны туршилт, воркшопууд
- Хамгийн гоё нь Сансарт ил захидал илгээх гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа, туршилтад оролцож болох юм.
Баянхонгор аймгийн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн 4-10 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхэд багачууд, залуучууд, эцэг эх, багш нарыг нээлттэйгээр тус төвд болох үйл ажиллагаанд оролцох боломжтой.
1967 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын гишүүн орнууд “Задгай сансрыг энхийн зориулалтаар ашиглаж эхлэх тунхаг бичиг”-т гарын үсэг зурсантай холбогдуулан 1999 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 4-10-ны өдрийг "World Space Week" буюу дэлхийн сансрын 7 хоног болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Монгол Улс тус үйл ажиллагаанд албан ёсоор 3 дахь жилдээ хамрагдаж байгаа бөгөөд орон нутагт анх удаа зохион байгуулж байна.