ХОВД: Оны эхний 10 сард 714 ажлын байр шинээр бий болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар тодрууллаа.
Тус байгууллага 2023 оны эхний 10 сарын байдлаар 960 иргэнийг ажлын байранд зуучилсан. Тэгвэл энэ оны эхний 10 сард 1148 иргэнийг ажлын байранд зуучилжээ.
Мөн тус байгууллагад 2023 оны эхний 10 сарын байдлаар 1993 иргэн ажил хайгчаар бүртгүүлж байсан. Харин энэ оны эхний 10 сард 1941 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэн байна.
Ховд аймагт 2023 оны эхний 10 сарын байдлаар 773 шинэ ажлын байр бүртгэгдэж байжээ. Тэгвэл энэ оны эхний 10 сард 714 ажлын байр шинээр бий боллоо. Эдгээр ажлын байр ихэвчлэн барилга, үйлдвэр, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт бий болжээ.
Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Ховд-Ажлын байр” сэдэвт хөдөлмөрийн өдөрлөг, залуусын гарааны бизнесийг дэмжих сургалт, үйл ажиллагаа зэргийг зохион байгуулах замаар орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна.