ӨВӨРХАНГАЙ: Б.Цэрэндагва: 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-17 15:01:19

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аравдугаар сар болоод ирэх саруудад Өвөрхангай аймагт цаг агаарын байдал ямар төлөвтэй байхыг аймгийн УЦУОША-ны синоптик инженер Б.Цэрэндагваас тодрууллаа.


-Цаг агаарын нөхцөл байдал ойрын үед ямар байх вэ?

-Цаг агаарын урьдчилсан мэдээллээр 10 дугаар сард олон жилийн дунджаас /ОЖД/-аас харьцангуй хүйтэн байна. Сарын дунд үед уулархаг нутгаар цас орж, салхины хурд ширүүсэн шуурах төлөвтэй байгаа. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, хоёрдугаар 10 хоногийн сүүл, гуравдугаар 10 хоногийн эхэн үед ОЖД-аас 1-30С хүйтэн байх бол гуравдугаар 10 хоногийн сүүлээр дулаарна.


-Жил бүрийн намрын сүүл, өвлийн эхэн сард цочир хүйтэрдэг. Энэ жил давтагдах болов уу?

-Есдүгээр сард үе үе цочир хүйтэрсэн. Ирэх 11, 12 дугаар сард ОЖД-аас харьцангуй дулаан байх бол хур тунадас ОЖД орчимд байна гэсэн мэдээтэй байгаа.


-Энэ зун, намар хур бороо элбэг байлаа. Цаг агаарт зориудаар нөлөөлсөн үү?

-7, 8 дугаар сард нийт нутгаар хур бороо элбэг байсан ч байгалийн гамшигт үзэгдэл, түүнээс улбаатай хохирол бага байсан. Хөрсний чийг, газрын гарцыг сайжруулж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, ган, цөлжилтөөс хамгаалах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг 3-9 дүгээр сар хүртэл зохион байгуулсан.

Энэ хугацаанд Онги бороо 1, 2, 3 гэсэн гурван экспедиц 11 удаа гарч, 33 пуужин харван хур тунадасны хэмжээг 70 орчим хувиар нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд нийт нутгийн 90 хувьд газрын гарц сайн гарч, зуншлага сайхан байлаа.


-Аймгийн УЦУОША-ны лаборатори,техникийн чадавх хэр хангалттай байдаг вэ?

-Цаг агаарын урьдчилсан прогнозыг гаргахдаа ажиглалтын арга болон радар, хиймэл дагуулыг ашигладаг. Манай алба 18 суманд 11 харуул, 7 станцтай ажиллаж байна. Албаны барилгыг 1967 онд барьсан, хуучны барилга учраас стандартын шаардлага хангахгүй, энэ жил улсын төсвөөр шинэ барилгын ажил эхлүүлсэн. Одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 2025 онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 

 



Related news