“Blade Runner 2049” киног бүтээсэн компани И.Маскийг шүүхэд өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН, 2024
оны аравдугаар сарын 22 /BBC/. Шинжлэх ухааны уран зөгнөлт “Blade Runner 2049”
киног бүтээсэн “Alcon
Entertainment” компани киноны дүрслэлийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн “Tesla”, Илон Маск, “Warner Bros Discovery” компанийг шүүхэд өгчээ.
“Alcon” компанийн мэдэгдсэнээр, хэрэглэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан робот таксиг танилцуулах үеэр киноны материалыг ашиглахыг хүссэн “Warner Bros”-ын хүсэлтэд тэд татгалзсан хариу өгсөн байна. Гэвч ийм хариу өгснийг үл хайхран “Tesla” болон бусад зохион байгуулагч киноноос сэдэвлэсэн сурталчилгааг хиймэл оюун ухаан (AI) ашиглан бүтээсэн байна. Робот таксиг 10 дугаар сарын 10-нд танилцуулсан юм:.
Энэ талаар тодруулах “BBC News” телевизийн хүсэлтэд “Tesla” болон “Warner Bros”-ын зүгээс одоогоор хариу өгөөгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд “бүтээлийг хууль бусаар ашигласнаас үүдэлтэй санхүүгийн хохирол асар их байгааг” дурджээ. Робот таксиг танилцуулах арга хэмжээг кино студиудынхээ нэг дээр зохион байгуулсан “Warner Bros” нь 2017 онд үзэгчдийн хүртээл болсон “Blade Runner 2049” киноны дистрибьютер компани байсан юм.
1982 онд дэлгэцнээ гарсан “Blade Runner” киноны үргэлжлэлд Канадын жүжигчин Райн Гослинг, Америкийн жүжигчин Харрисон Форд, Жаред Лето, Куба, Испани гаралтай жүжигчин Ана де Армас нар тоглосон бөгөөд Оскарын наадмаас хоёр шагнал хүртсэн билээ. Илон Маск өнгөрсөн хугацаанд уг киноны эхний ангийн талаар нэг бус удаа дурдаж байсан бөгөөд энэ нь “Tesla”-гийн “Cybertruck” машиныг бүтээх санааг олоход тус дөхөм болж байсан талаар ярьж байсан удаатай.
“Alcon” одоо “Blade Runner 2099” нэртэй телевизийн олон ангит киног бүтээж байгаа ажээ.