Монголын боксчид ААШТ-ээс дөрвөн хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 21 орны 210 боксчин эрэгтэй, эмэгтэй 25 жинд 100 медалийн төлөө хүч сорьжээ. Манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлагад эрэгтэй тав, эмэгтэй гурван боксчин өрсөлдсөнөөс дөрвөн хүрэл медальтай эх орондоо ирж байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63.5 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Бадмаараг, эрэгтэйчүүдийн 57 кг-д Г.Лундаа, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, +91 кг-д Х.Бекнур нар хүрэл медалиар энгэрээ мялаав.
Нийлбэр дүнгээр Узбекистаны баг 11 алт, зургаан мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстаны есөн алт, таван мөнгө, зургаан хүрэл, Тайланд гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, Хятад нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, Тажикстан нэг алт, нэг мөнгө, гурван хүрэлтэйгээр эхний таван байрт жагсав. Манай улсын хувьд 10-11-дүгээр байрыг Тайваньтай хувааж эзэллээ. Тэмцээнд оролцсон 21 орноос 15 нь ямар нэгэн байдлаар медальтай нутаг буцаж байна.
Дашрамд сонирхуулахад, Украйны боксын залуучуудын шигшээ багийнхан Азийн боксын холбоонд хүсэлт тавьснаар ААШТ-д оролцсон бөгөөд тэд хоёр мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ.