Ж.Байден 1500 хүнд өршөөл үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-13 12:13:38

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим хүний ​​ялыг хөнгөрүүлж, 39 хүнийг ялаас бүрэн чөлөөлж өршөөл үзүүлсэн нь АНУ-ын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн олон хүнийг өршөөсөн тохиолдол боллоо.


Тэдгээр 1500 хүний дийлэнх нь COVID-19 цар тахлын үеэр шоронгоос гэрийн хорионд шилжсэн хүмүүс байсан бол өршөөлд хамрагдсан хүмүүс бүгд хүчирхийллийн бус гэмт хэргээр ял эдэлж байжээ.


Америк бол боломж бололцоо, хоёр дахь боломж гэсэн амлалт дээр суурилан бий болсон улс орон билээ. Гэмээ ухаарч хүмүүжсэн хүмүүст өршөөл үзүүлж, тэдэнд хэвийн амьдралдаа эргэн орох, нийгэмд хувь нэмрээ оруулах боломжийг олгож, хүчирхийллийн бус гэмт хэрэг үйлдэгсдийн ялын ялгаатай байдлыг арилгах том завшаан надад тохиолоо” гэж Ж.Байден мэдэгдсэн байна.


Ж.Байдены засаг захиргаанаас мэдэгдэхдээ, өршөөлд хамрагдсан хүмүүс амьдралаа өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй гэдгээ харуулсан болохыг онцлон тэмдэглэжээ. Тэдний дунд байгалийн гамшгийн үед аврах багт ажиллаж байсан эмэгтэй, донтолтын асуудлаар зөвлөхөөр ажиллаж байсан сүмийн санваартан, цэргийн цолтой ахмад дайчин, молекул биологийн чиглэлээр докторын зэрэг горилогч зэрэг хүмүүс багтжээ.


Өршөөл үзүүлэх тухай Ж.Байдены энэ шийдвэр нь татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон хүүдээ өршөөл үзүүлсний дараахан гарч байна. Хүүгээ өршөөснийх нь дараа идэвхтнүүд болон хууль тогтоогчдын зүгээс “жирийн америкчуудад өршөөл үзүүлэхийг Ж.Байденд уриалжээ.


Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын хувьд, тэрбээр хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхний өдөр олон хүнд өршөөл үзүүлэх, тэдний дотор 2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Капитолын байранд болсон үймээнд оролцсон хэргээр ял эдэлж буй хүмүүсийг өршөөх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

 

 

Related news