БАЯНХОНГОР: Бага насны хүүхэдтэй эцэг, эхийг бага цагаар буюу цахимаар ажиллах боломжийг олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан томуу, томуу төст өвчлөл тандалтын мэдээгээр 10 мянган хүн ам дахь томуугийн өвчлөл 169 буюу дэгдэлтийн түвшинд хүрчээ. Сүүлийн долоо хоногт Баянхонгор сум дахь 5174 үзлэгээс 21.3 хувь нь томуугийн өвчлөл байгаа нь өмнөх 7 хоногоос 9.2 хувиар ихэссэн дүн бол хөдөө сумдад бүртгэгдсэн 1365 үзлэгээс 28.3 хувь нь томуугийн өвчлөл байна.
Өвчлөл амбулаторийн үзлэгийн 5-9 хүртэлх хувийг эзэлж, томуугийн идэвхжил нэмэгдэхийг алаг цоог дэгдэлт гэдэг бол амбулаторийн үзлэгийн 10-аас дээш хувийг эзэлж, бүс нутгийн хэмжээнд тархахыг томуугийн дэгдэлт хэмээн нэрлэдэг.
Нөхцөл байдалтай холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргалаа. Тодруулбал, Нэгдсэн эмнэлэгт нэмэлт ор дэлгэх бэлтгэл ажлыг хангах, аймгийн Онцгой коммисын гишүүдийг шуурхай штабын хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулах, сургуулийн орчинд хүүхдүүдийг тогтмол амны хаалттай байлгахыг холбогдох албадад үүрэгдэв. Мөн хүүхдүүдийн дунд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа, шинэ жилийн баяр, тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан бөгөөд 9 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхийг 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл бага цагаар буюу цахимаар ажиллах боломжоор хангах /байгууллага дотоод зохион байгуулалтаа хийх/ шийдвэрийг тус тус гаргалаа.
Аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны 51 дэх долоо хоногийн мэдээгээр томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос 8.9 хувиар, урьд оны мөн үеэс 13.6 хувиар тус тус ихэсчээ. Томуугаар өвчлөгсдийн 79.9 хувь нь 15 хүртэлх нас, түүн дотроо 4 хүртэлх насны хүүхэд 51.3 хувийг эзэлж, өнөөдрийн байдлаар Хүүхдийн тасагт 101 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.