УДБЭТ-ынхан маргааш шинэ дууриа нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ардын жүжигчин А.Энхтайваны “Тэнгэрийн элч” түүхэн сэдэвт шинэ дуурийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Маргааш нээлтээ хийх эл дуурийн зохиолыг соёлын тэргүүний ажилтан Л.Даваасүрэн, Б.Энхтуяа нар бичсэн бол С.Баттулга найруулсан юм. Харин хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин А.Энхтайван, зураачаар Ж.Болортүвшин, ерөнхий продюсероор гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир нар ажиллав.
Хоёр бүлэг зургаан үзэгдэлтэй дуурь энэ сарын 28, 29-нд үзэгчдэд хүрэхдээ дүрүүд хоёр өөр бүрэлдэхүүнтэй байх аж. Тухайлбал, 28-нд Боорчийн дүрийг Б.Батжаргал, Тэмүжинг Э.Бумхүү нар амилуулна. Харин 29-нд Боорчид М.Даваадорж тоглох юм. Тус театраас 2024 онд хоёр дахь шинэ бүтээлээрээ үзэгчдийн сонорыг мялааж байгаа нь “Тэнгэрийн элч” үндэсний түүхэн дуурь юм.
Энэхүү дуурь Тэмүжин эцэг Есүхэй баатраас үлдээсэн өв болох найман шарга морио алдаад нарийн өвсний налархай даган хайж явсаар хөхүүрийн талд хүрнэ. Ингэхдээ Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчитой анх танилцаж, анд барилдсан цагаас хойш их Монгол Улсыг нэгтгэн төр улсыг төвшитгөх хүртэл хамт зүтгэхдээ “Мөнх тэнгэрийн элч” хэмээн өргөмжлөгдөж явсан Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүний нөхөрлөлийг харуулсан түүхэн сэдэвт бүтээл юм.