ДОРНОГОВЬ: Хангал эхт цагаан туганд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-14 17:35:17

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан шинээр төрийн албаны тангараг өргөсөн Дорноговь аймгийн шүүх, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид аймгийн Музей, сургалт судалгааны төвийн үзмэрийн танхимд байдаг Чингис хааны хангал эхт цагаан туганд хүндэтгэл илэрхийллээ.


Их Монгол Улсын үеэс уламжлан ирсэн энэхүү цагаан туганд Дорноговь аймгийн хууль хяналтын байгууллага болон төрийн алба хаагчид хүндэтгэл илэрхийлээд багагүй хугацааг үдэж байгаа юм. Эзэн Чингис хааны удмын хаад их сүлдний шүтээнийхээ дагуул тугаа улсынхаа хилийг дагуулан байршуулж, улс гэрээ хамгаалдаг байсан тухай шинжлэх ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам томоохон судалгааны ажил хийсэн байдаг.




Манж чин гүрний ноёрхлын үед төрийн энэхүү шүтээнийг чандлан нууцалж нэг нэгээр нь салган байршуулж байсан бөгөөд 1600-гаад оны үед улсын зүүн өмнөд хил болох Хутаг уулын орчимд 100 орчим дагуулын хамт тахиж байжээ. Эзэнт улсын  шүтээн, төр улсын сүр сүлд оршсон, энэхүү цагаан тугийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан бөгөөд сүүлчийн тугч Д.Дорж хэмээх хүн 1930-аад оны дунд үе хүртэл тахиж байсан авч хэлмэгдүүлэлт эхэлснээр тасарсан гэдэг. Түүний үр удам 200 гаруй хүн эдүгээ “Тугч” овгийн удмыг залгаж байна.

Related news