“Монголын сайхан орон” тоглолтыг Туркийн Истанбул хотноо толилуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа.
Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн уламжлалт харилцааны туршлагад тулгуурлан бүхий л салбарт өргөжин тэлж, ард иргэдийн харилцан зорчих урсгал нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү тоглолтод ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн, морин хуур хөгжмийн зэмсгээр Монгол үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн дээжээс гадна Туркийн ард түмний уран бүтээлээс толилуулж байна. Цаашид хоёр улсын соёлын харилцаа улам бүр баялаг агуулгаар хөгжиж, найрамдалт хамтын ажиллагаа ард түмний хооронд өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдар Чам, “Энэхүү соёл, урлагийн үйл ажиллагаа Турк, Монголын ард түмний олон мянган жилийн хөрш зэргэлдээх харилцаанаас үүдэлтэй түүхэн хэлхээ холбоог улам бэхжүүлж, нийтлэг соёлын өвийг хадгалан үлдээх, дэлхий дахинд сурталчлахад хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна” гэлээ.
Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал болон ҮУИТ-ын уран бүтээлчид хамтран тоглосон уг тоглолтыг УГЗ Д.Түвшинсайхан удирдан, ҮУИТ-ын бүжигчид “Хүндэтгэлийн бүжиг”-ийг бүжиж, “Цомбон туурайтай хүрэн”, “Алтайн магтаал”, “Салхит шувуун” тэргүүтэй монгол түмний соёлын илэрхийлэл болсон бүтээлүүдийг толилуулжээ. Мөн тоглолтод Турк ардын дуу “Ьskьdara Giderken”-г Морин хуурын найрал хөгжимчид монголын өнгө аясаар хөгжимдсөн нь хоёр орны соёлын солилцооны илэрхийлэл болсон байна.