БАЯНХОНГОР: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-21 13:36:23

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаанаар 2024 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ.


Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 577 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Баянхонгор суманд 378, хөдөөгийн бусад суманд 199 бүртгэгдсэн байна. Гэмт хэргүүдээс залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх зэрэг гэмт хэргүүд өссөн бол мал хулгайлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг буурчээ.


Салбар зөвлөлийн гишүүд гэмт хэргийн нөхцөл байдалтай танилцан 2025 онд урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажил арга хэмжээг өнгөрсөн онд өссөн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглүүлэхээр тогтов. Ялангуяа залилах буюу цахим залилан, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд онцгой анхаарч төлөвлөх, олон нийтэд эрх зүйн мэдээлэл олгох нөлөөллийн ажлыг түлхүү зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


Мөн зарим төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж урьдчилан сэргийлэх зорилгоор хөндлөнгийн судалгааны багийг ажиллуулах талаар хэлэлцэн, дараагийн хурлаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан батлахаар болов.

Related news