С.Жигмэдсүрэн: 46 жил боловсролын салбарт ажиллахдаа 40 мянган хүнийг монгол бичигт сургасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-01-26 08:53:28

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос уламжлал болон зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2024" олон улсын уралдааны шилдэг оролцогчид тодорч, шагналаа өнгөрсөн лхагва гарагт гардаж авав.


Энэ жилийн уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 18 аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1200 гаруй бүтээл ирүүлсэн байна. Тус уралдааны хамгийн ахмад оролцогч нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 102 настай С.Жигмэдсүрэн гуай байсан бол хамгийн бага оролцогч нь Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн 1А ангийн сурагч У.Ганзаяа байв. Уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардуулах үеэр дээрх хоёр оролцогчийн сэтгэгдлийг нь сонссон юм.


102 настай С.Жигмэдсүрэн Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдаанд 27 дахь удаагаа оролцож байна. Монгол бичиг бол монголчуудын оюун санааны гайхамшигтай бүтээл төдийгүй монгол хүн монголоороо аж төрөх, Монгол Улс туурга тусгаар оршин тогтнохын бэлгэдэл юм. Тиймээс монгол үндэстэн бүр монгол бичгээ заавал сурах хэрэгтэй. Монгол бичгээ хойч үе маань хэлбэрэлтгүй сурч, хичээнгүй сайхан бичигтэн болоосой гэх үүднээс энэхүү уралдаанд удаа дараа оролцож ирлээ.


Би 1940-2015 он хүртэлх хугацаанд 75 жил улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан байна. Үүний 46 жилийг нь боловсрол, шинжлэх ухааны салбарт, 29 жилийг нь цэргийн байгууллагад зориулжээ.

Энэ хугацаанд буурай нь 40100 хүнийг монгол бичигт сургасан байна.


Хойч үедээ захиж хэлэхэд, хүн гэдэг чинь бие, хэл, сэтгэл гурваас бүтсэн байгалийн бүтээл. Хүнийг ухаалаг амьдар гэж ухаан заяасан юм. Энэ ертөнцөд хамгийн хүчтэй зүйл бол ухаан. Ухааныг ном задалж хурцалдаг. Хүний зорилго бол амьд байхдаа биш амьдрахдаа гол утга учир нь оршдог. Тиймээс хэл соёл, бичиг номыг дээдэлж, өөд нь өргөж яваарай” хэмээн захив.


Хамгийн бага оролцогч У.Ганзаяа “Монголын сайхан бичигтэн-2024" уралдаанд зориулж өөрийнхөө дуртай зүйлсийг хийсэн. Тиймээс монгол гэрээ, тоглоомтойгоо хийлээ. Байшин зурахдаа Б үсэг орууллаа. Шувуу зурахдаа Ш үсэг орууллаа. Бар зурахдаа Б үсэг орууллаа. Хийлээ зурахдаа Х үсэг орууллаа. Ер нь гоё юм хийе л гэж бодсон” хэмээн ярив.






Related news