ӨВӨРХАНГАЙ: Аймаг байгуулсан түүхэн өдрөөр Өндөр гэгээнийг сурталчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Төр-нийгэм, шашин-соёлын нэрт
зүтгэлтэн, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой энэ
онд тохиож байна.
Тиймээс Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхэн өдөр буюу 2 дугаар сарын 18-нд Өндөр гэгээн Занабазарын зохиосон Жанлавцогзол номын утгыг тайлбарлах сонсголыг Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн танхимд, Мөн өсвөрийн морин хуурчдын “Монгол аялгуу” тоглолтыг Хөгжимт драмын театрт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн “Өндөр
гэгээн Занабазарын өв соёл” сэдэвт хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад
нэгэн зэрэг заах юм.
Энэ үеэр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх
тухай” зарлигийг сурталчилж, айл бүхэнд морин хуураа дээдлэн хүндэтгэхийг
уриалан анхан шатны мэдлэг олгоно.