Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо болсон “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд “Монголын балетын хөгжил” сангийн дэргэдэх Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл бүхий найман медаль хүртжээ.
Тодруулбал, багийн төрөлд Т.Энхсүрэн багшийн удирдсан 6-8 насны сурагчдын “Exotika” болон Ч.Ганчимэг, Ц.Жаргалан багшаар удирдуулсан 9-11 насны “Copellia” хамтлаг алтан медаль хүртсэн байна. Харин ганцаарчилсан төрөлд Ч.Гэгээн, А.Танангоо, Э.Марал, З.Анирлан нар хүрэл, М.Ингүүмэл мөнгө хүртэж, Ц.Амина тусгай байр эзэлсэн бол Бест артист төрөлд А.Танангоо алтан медалиар энгэрээ мялаажээ.
ЮНЕСКО-гийн FIBC (Federacion Internationale de Ballet Competitions) болон Олон улсын балетын “Шорюү” нэгдэлтэй хамтран зохион байгуулсан эл уралдаан нь балетын хөгжлийг дэмжих зорилготой юм. Сурагчид уралдаанд оролцохоос гадна нэгдсэн сургалтад хамрагдсан байна. Энэхүү уралдаанд 20 гаруй орны өсвөрийн балетчид дөрвөн насны ангилалд өрсөлджээ.