"Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дэлхийн бичиг үсгийн түүхэнд гаймахшигт хувь нэмэр оруулж ирсэн монголчууд монгол, дөрвөлжин, али гали, манж, рүни, тод, соёмбо, төвөд, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирилл зэрэг 10 гаруй бичиг үсэг хэрэглэж ирснээрээ онцлогтой.
Монгол үндэстний бичиг соёлын арвин өв уламжлалыг залуу хойч үедээ мэдүүлэх, түүнийг хайрлан хамгаалах, сурталчлах, сурах, судлах, мэдэх тэмүүллийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Үндэсний бичиг үсгийн жил болгон зарласан. Мөн “Чингисийн чулууны бичиг”-ийн 800 жил, “Дуутын хадны бичиг”-ийн 400 жилийн ойг улс орон даяар тэмдэглэх хүрээнд “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааныг зохион байгуулсан юм.
Уралдаанд зураач, график дизайнер, монументал урлагийн нийт 10 уран бүтээлч 17 бүтээлээрээ оролцож дүнгээ гаргалаа. Тус уралдаанд утга агуулга, ур хийц, шинэлэг санаа бүрдсэн уран бүтээлч Б.Ганбаатарын “Мөнх тэнгэрийн тунхаг” бүтээл шилдгээр шалгарчээ. Уг бүтээл монголчуудын хэрэглэж ирсэн бүх бичиг үсгийг дүрслэн оруулснаараа онцлог юм байна.
Уралдааны шилдэг бүтээлүүдээр “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн үзэсгэлэнг “Бичиг соёл” галерейд өнөөдөр нээлээ.
Энэхүү үзэсгэлэнд монументал урлагийн 10 гаруй уран бүтээлч болон бичгийн мэргэд, судлаачид монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалуудаар эскиз зураг бүтээснээ дэлгэжээ. Тус үзэсгэлэнг ССАЖЗЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, яруу найргийн академи, МУЭ, Бичиг соёл төв хамтран зохион байгуулж байна.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй хэлэхдээ, “Монголчууд сүүлийн 1400-1500 жилийн хугацаанд хамгийн эртний монгол брахми бичгээс эхлээд маш олон бичиг үсгийг өөрсдөө зохиож хэрэглэж байсан түүхтэй ард түмэн. Бичиг үсгийн дурсгалыг манай залуучууд тэр бүр сайн мэддэггүй. Тиймээс олон жилийн түүх, бичиг соёлын өвийг залуучуудад мэдүүлэх, таниулах, ойлгуулах ажлын нэг нь энэхүү үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд уламжлалт монументал урлагаас гадна орчин үеийн чиглэлийг харуулсан бүтээлүүдийг толилуулж байна. Тухайлбал, уран бүтээлч Г.Амарсанаа металл баримал бүтээлдээ хадны зургаас санаа авч, монголчуудын хэрэглэж байсан бичиг үсэг, тэмдэгтийг дүрсэлснээрээ онцлогтой. Одоогоор манай улсад маш олон хөшөө дурсгал байдаг боловч монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалыг харуулсан, мэдлэг агуулсан хөшөө дурсгал байдаггүй. Тиймээс монголчууд түүхэндээ олон бичиг үсэг хэрэглэж байсныг зөвхөн судлаачдын дунд төдийгүй хүүхэд залуус, ард нийтээрээ мэддэг, ойлгодог, бахархдаг сэтгэлгээг хөгжүүлэхийн төлөө энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна” гэв.
Тус үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл олны хүртээл болно.