Хоёрдугаар сарын тоглолтыг “Жизель”-ээр эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын хамт олон 2025 оны хоёрдугаар сарын тоглолтоо Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” бүжгэн жүжгээр эхлүүлэхээр болжээ.
Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэгэн удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай санаа толгойд нь орж иржээ. Хожим нь Гейнед хандан “Эрхэм таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдэл болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ” гэжээ. Ийнхүү “Жизель”-ийн сэдэв санааны сэжүүр үүсэж, үүнийгээ жүжгийн цомнол болгон бичихээр шийдсэн байна. Харин туршлагатай цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж түүнд тусалсан аж.
Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны 6 дугаар сарын 28-нд Жиан Коралли, Жулис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулжээ. Үүний дараа 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, 12 дугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тоглосон түүхтэй. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт сонгодог бүжгэн жүжиг юм. Тэгвэл манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулсан билээ.
Сэтгэл
санааны зөрчлийг хурц тод тусгах үүднээс жүжгийн үйл явдлыг хоёр үзэгдэлд
цомхотгон багтаах зарчмыг баримталсан бөгөөд мөрөөдөл, гунигт хувь тавилан, аз
жаргалын хий хоосон чанарыг гол сэдвээ болгосон гутранги үзэл бүхий романтизмын
эхэн үеийн бүжгэн жүжгүүдээс
огт өөр утга санааг илэрхийлжээ.
Ирэх сарын 1, 2-нд тайзнаа амилуулах “Жизель” бүжгэн жүжгийн Жизельд гавьяат жүжигчин Б. Саруул, соёлын тэргүүний ажилтан М.Нандинцэцэг, Албертад соёлын тэргүүний ажилтан Х.Галтулга, Б.Дөлгөөн нар гоцлох юм байна.