Монгол Улсын гадаад харилцаа ихэд идэвхжсэн он жилүүд үргэлжилж буйг судлаачид онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-29 18:44:46

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуультай хамтран зохион байгуулсан “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.


УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, Манай улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан, нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгвэл сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд өрнөж байгаа үйл явдлууд, өөрчлөлтүүд нь Монгол Улсын хувьд энэхүү бодлогоо тууштай хэрэгжүүлэх, илүү тодотгон бэхжүүлэх шаардлагатай болсныг илтгэж байна. Энэ ч үүднээс Монгол Улсын гадаад бодлогыг олон талаас нь хэлэлцэх, судлаачдын байр суурийг сонсох зорилгоор өнөөдрийн бага хурлыг зохион байгуулж байна хэмээн онцоллоо.


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр, "Монгол Улсын гадаад харилцаанд үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн, тэнцвэртэй, үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа хэрэгжиж байна. Тухайлбал, НҮБ-ын гишүүн бүх оронтой буюу 192 улстай дипломат харилцаа тогтоолоо. Үүний зэрэгцээ НҮБ-ын байнгын ажиглагч Гэгээн Ширээт улс, Палестин улс болон Европын холбоотой дипломат харилцаатай байгаа нь томоохон амжилт юм" хэмээн тэмдэглэсэн юм. Түүнчлэн Монгол Улсын гадаад харилцаа феминист болон ногоон бодлого руу шилжиж, хэв шинжид өөрчлөлт орж буйг тодотголоо.


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч, доктор Ё.Жаргалсайхан, сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байна. Тиймээс гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах шаардлагатай. Тухайлбал, уул уурхайн түүхий эдийн экспортоос хамааралтай байдлыг арилгаж, эдийн засгаа солонгоруулахад анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.


МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор А.Батцэцэг, "Дэлхий дахины хөгжлийн чиг хандлага хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Энэхүү нөхцөлд Монгол Улс олон оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өөрийн байр суурийг бататгаж байгаа нь сайшаалтай. Монгол Улсын гадаад харилцаа цар тахлаас хойш маш идэвхтэй өрнөж байна. Одоо ч энэ эрчээ хадгалсаар буй. Цаашид манай улс хэдий чинээ олон улстай идэвхтэй гадаад харилцаа өрнүүлнэ, төдий чинээ Монгол Улсын байр суурь олон улсад тогтворжино” гэлээ.


Тус хурлыг зохион байгуулахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Монголын МГИМО төгсөгчдийн холбоо дэмжиж оролцов.

Related news