“Алдар”-ын 79 жилийн ойн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104, Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спортын 79 жилийн ойд зориулсан батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын болон төрийн цэргийн байгууллагын спорт хороодын улс, аймаг, цэрэг сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан болов.
Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх, улсын начин Э.Батмагнай нар шалгарав. Дунд шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх улсын харцага, Б.Цэдэнсодном, Булган аймгийн Орхон сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх начин Б.Түмэндэмбэрэл, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат “Сүлд” спорт хорооны бөх начин Б.Түвшинтөгс, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан Э.Баасанжав нар шалгарав.
Энэхүү барилдаан “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан, Д.Алтанцоож, “Дайчин барилдаан”-ы тусгай шагналыг аймгийн арслан Э.Баасанжав, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн начин Б.Сундуйжав нар хүртсэн байна.