Саппорогийн цасны баяр эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-02-05 11:20:33

САППОРО, 2025 оны хоёрдугаар сарын 5 /Kyodo/. Японы Хоккайдо мужийн хамгийн том хотод жил бүр болж, долоо хоногийн турш үргэлжилдэг Саппорогийн цасны баяр даваа гарагт эхэллээ. Үзэгчид гурван газарт босгосон цас мөсөн баримлуудыг үзэнгээ төрөл бүрийн хоол идэх боломжтой. 


Саппоро хотын төвд байрлах Одори цэцэрлэгт хүрээлэнд үзэгчдийг баясгахын тулд өнгөрсөн сарын сүүлээс эхлэн спортын алдартнууд, анимэ баатруудыг дүрсэлсэн гайхалтай бүтээлүүдийг урлаж эхэлжээ. Тэнд хэд хэдэн том цасан баримлаас гадна 100 гаруй жижиг цасан баримлыг дэлгэн үзүүлж, концерт болон соёлын бусад арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд бүтээлүүдийг тайз болгон ашигладаг байна.



Хоёрдугаар сарын 11-нийг дуустал үргэлжлэх энэхүү наадамд зориулан нийт 200 орчим мөс, цасан баримлыг дэлгэн үзүүлж байгаагийн 80 нь нутгийн иргэдийн бүтээл ажээ. 1950 онд Одори цэцэрлэгт хүрээлэнд бага, ахлах сургуулийн сурагчид өөрсдийн бүтээсэн зургаан ширхэг цасан баримлаа дэлгэн үзүүлж, нэг өдрийн баярыг зохион байгуулснаас эхлэлтэй уг наадмыг жилд дунджаар 2 сая гаруй хүн үзэж сонирхдог байна.



Саппорогийн цасны баярын цахим хуудсанд бичсэнээр, нэг том цасан баримлыг бүтээхийн тулд 600 орчим ачааны машинаар дүүрэн цасыг тээвэрлэн авчрах шаардлагатай болдог. Түүнчлэн цэвэр цас цуглуулах, шат барих, хүнд машин механизм ашиглан цасыг овоолох, нарийвчилсан сийлбэр, өнгөлгөө хийх гэх мэт нөр их ажил явагддаг байна.



Одори цэцэрлэгт хүрээлэнд 1974 оноос хойш цасан баримлын олон улсын тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн есөн улс, бүс нутаг, хотоос ирсэн цасан барималчид өрсөлддөг. Шүүгчид хоёрдугаар сарын 7-нд ялагчийг тодруулахаас өмнө эдгээр бүтээлийг цасны баярын үеэр ойроос үзэх боломжтой.

 





Related news