БАЯНХОНГОР: ГССҮТ-тэй хамтарсан төслийг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-ийг эхлүүллээ.
Нэг жилийн турш үргэлжлэх тус төслийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын санаачилгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд ГССҮТ-ийн эмч нарын баг сар бүр ирж ажиллах бөгөөд эхний ээлжид ясны эмгэгийн мэс заслын эмч Ц.Батбаяраар ахлуулсан эмч нарын баг ажиллаж байна. Багийнхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 132 хүнд үзлэг, оношилгоо хийж, мөчдийн мэс засал 18, тархины мэс засал 2, хүзүүний мэс засал 2 эмчлүүлэгчид хийж, нийт 22 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт нь үзүүлээд байна. Одоогийн байдлаар гэмтлийн тасагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Мөн тус багийн эмч нар сумдад ажиллаж, Жинст суманд 60 хүнд үзлэг, 54 хүнд рентген шинжилгээ, Шаргалжуут тосгонд 59 хүнд үзлэг, 47 хүнд рентген шинжилгээ хийж, онош тодруулан эмчилгээнд хамруулжээ. Үйлчлүүлэгчдээс 58 хүн төлөвлөгөөт хагалгаанд орохоор болсон байна.