“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-02-19 09:15:14

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Салбар бүрийн стандартын хэрэгжилт, эрх зүйн орчны талаарх мэргэжилтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүдийн нэгдсэн хуралдаан  Төрийн ордонд энэ сарын 21-нд болно.


Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дарга 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулсан. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ж.Алдаржавхлан, Э.Батшугар, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нар ажиллаж буй. Холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий тус ажлын хэсэг, Засгийн газартай хамтран энэ сарын 19-21-нд “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 

Эхний өдөр барилга, эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцэх бол энэ сарын 20-ны өдөр хүнсний салбар болон хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Related news