ДОРНОГОВЬ: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ-аас хамтран жил бүр уламжлал болгож хэвшсэн “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.
Сар шинийн баярын идээ
ундаа,
бэлэг, хувцас, эд хэрэглэлийг нэг дороос хүргэх зорилготой үзэсгэлэн худалдаанд 14 сумын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж,
хоршоо оролцож мах, сүүн бүтээгдэхүүн, үндэсний хувцас, хүнсний төрөл
бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Мөн бусад
аймгийн бизнес эрхлэгчид Архангайн цагаан идээ, Сэлэнгийн утсан загас, Булганы
айраг зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж буй.
Үзэсгэлэн худалдааны үеэр мах, сүү, нарийн боов, бүтээгдэхүүний баглаа боодол, жижиг дунд үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэрлэгч чиглэлээр шилдгүүдийг тодруулж урамшуулах юм. Энэ жил говийн нутгаар цас багатай дулаахан, өнтэй өвөл болж байгаа тул малын мах тарган, ашиг шим сайтай байна.
Тавгийн ааруул 250-450 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол тогооны нэг ширхэг өрөм
40 мянга, хэвийн боов ширхэг нь 5500-6000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Дорноговь аймгийн хувьд ингэний хоормог, буцалгаа, хүний эрүүл мэндэд
нэн сайн гэгддэг загасгал цайны иж бүрдэл, чулуун гоёл зэрэг хүний эрэлт
хэрэгцээнд нийцсэн брэнд бүтээгдэхүүн олноор буй болжээ.