БАЯН-ӨЛГИЙ: "Эх оронч монгол-Эр цэргийн алба" сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор "Эх оронч монгол-Эр цэргийн алба" сэдэвт үйл ажиллагааг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, аймгийн Боловсролын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Сумдын ЗДТГ-уудтай хамтран Баян-Өлгий аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
Батлан хамгаалах яам 2025 оныг "Эх оронч монгол-Их
сэргэлтийн жил" болгон зарласан.
Тус үйл ажиллагааны хүрээнд
Цэргийн штабын дарга хурандаа Ц.Буянтогтох, Соёл урлаг, аялал жуулчлал,
залуучуудын газрын соёл урлагийн хэлтсийн дарга Ч.Өлзийтунгалаг нар ерөнхий
боловсролын сургуулиудын сурагчдад эх орноо хайрлан хамгаалах, эх оронч монгол
хүмүүн байх талаар яриа, таниулга хийж, Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа,
холбогдох хууль, тогтоомжийг сурталчиллаа.
Мөн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагч нар хүрэлцэн ирсэн иргэд, олон нийтэд эх орны тухай сэдэвт ая дуугаа өргөж үзэгч олны сонорыг мялаав.
Энэхүү үйл ажиллагааг аймгийн хэмжээний 13 сум, 1 тосгонд
болон аймгийн төвд Хөгжимт драмын театрт сурагчдад болон насанд хүрэгчдэд тус
тус зохион байгууллаа.