Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн 178 саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Манай улсын бизнес хэрэглэгчид, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн, 12 төрлийн хууль тогтоомжид хамаарах 178 саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагад хүргүүлээд байна.
Тодруулбал, МҮХАҮТ-аас бизнес эрхлэхэд тулгарч буй татварын орчны асуудлуудыг тодорхойлж, засан сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын даргын ажлын албатай хамтран “Татварын цогц шинэчлэл”, 2025 оны нэгдүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гишүүдтэй хамтран “Татварын багц хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага, асуудал шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Татварын багц хуулийн зорилго нь Монгол Улсын эдийн засаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих замаар улс эх орны хөгжлийг үсрэнгүй дэвшилд хүргэх, татвар хураамжийг улсын төсвийг зохистой хэмжээнд бүрдүүлэхэд оршиж байгаа юм.Үүнтэй холбоотой татварын багц хууль, дүрэм, журмын уялдаа холбоог сайжруулах, хуулийн хэрэглээг ойлгомжтой, хүндрэл чирэгдэлгүй, нэгдмэл болгож, бизнес эрхлэгчдэд ээлтэй, шударга ёс, тэгш байдлын зарчимд үндэслэн татварын тогтолцоог бий болгох шаардлага зүй ёсоор үүсээд байна. Ингэснээр Татварын бодлогын шинэчлэл нь бизнесийн орчныг илүү таатай, тогтвортой болгож, хууль, эрх зүйн таатай орчин, нөхцөл бүрдүүлэхэд чухал алхам болох аж.
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Удвал ярихдаа, “НӨАТ-ыг ард түмэн төлдөг. Худалдан авалт бүрд НӨАТ төлөөд улсад төвлөрүүлдэг ч өгдөггүй байгууллага олон бий. НӨАТ-ын шинэчилсэн хуулиар албан татвар төлөгчийг 50 сая төгрөгөөр суутгадаг байсныг 400 сая болгох гэж байгаа нь буруу. Борлуулалт, үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж бүхэн НӨАТ төлөх ёстой. Ингэснээр татварын хэмжээг таван хувь болгож бууруулах нь чухал. Улсад татвар төлөх хүмүүс цөөрсний шалтгаан нь татварын хэмжээ өндөр байгааг харуулж байна. Мөн хоёр хувийн буцаан олголт, сугалааг болиулах ёстой” гэв.
Монгол Улсын 2024
оны татварын орлого 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 5.9 их наяд
төгрөгөөр буюу 27.4 хувиар нэмэгдсэн. Үүний 32.8 хувийг орлогын албан татвар,
21.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.2 хувийг нийгмийн даатгалын, 4
хувийг онцгой албан татварын орлого, 18.1 хувийг бусад төрлийн татвар, төлбөр,
хураамжийн орлого бүрдүүлжээ.
Related news

