ДОРНОГОВЬ: "Нүүдэлчин ахуй" үзэсгэлэнгээс өв соёл, ёс заншлаа танин мэдэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-25 16:18:22

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс удахгүй болох сар шинийн баяр болон музейн нээлттэй өдрүүдэд зориулан "Нүүдэлчин ахуй" үзэсгэлэнг өнөөдөр олны хүртээл болголоо.


Үзэсгэлэнгээр монголчуудын нүүдлийн аж амьдрал, ахуй соёл, зан заншлын нарийн нандин зүйл төдийгүй суурин амьдралд шилжсэнээр уламжлалт зан заншлаасаа хөндийрч байгааг ч давхар сануулахыг зорьжээ.


Төв суурин газрын амьдралд дасаж нүүдэлчин ахуй, өв уламжлалаасаа бага багаар алсран одож буй өнөө цагт уламжлалт ахуй соёлоо сануулах сэргээх, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх нь хамгийн чухал байгааг үзэсгэлэнгийн агуулга, утга санаанаас ойлгож болох юм.


Уг үзэсгэлэнд тус музейтэй олон жилийн өмнө хамтран ажиллаж, түүх соёлоо хайрлан хамгаалах үйлсэд зүрх сэтгэлээ зориулж явсан Даланжаргалан сумын өндөр настан Ц.Мөнхдорж агсны амьдарч байсан гэр, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг музейн сан хөмрөгөөс холбогдох үзмэрүүдээр баяжуулан дэглэжээ.




Тухайлбал, Ц.Мөнхдорж агсны амьдарч байсан дөрвөн ханатай гэр, углуургадаж хийсэн модон авдарнууд, ширмэн цөгц, тахилын цөгц, тулга тогоо, модон тэвш, домбо саахуу, савхан, модон ширээ, зургууд, эргэнэг зэрэг олон үзмэрийг олны хүртээл болгосон байна.


Үзэсгэлэнг үзэхдээ цагаан сарын баярын түүх, тэмдэглэх учир шалтгаан, шинэлэх битүүлэх ёс, золгох ёс, хадаг барих зэрэг танин мэдэхүйн зүйлсийг мэдэж авах боломжтой. Мөн цагаан сараар айл хотлоороо, ам бүлээрээ тоглодог шагайн наадгай, “Алаг мэлхий өрөх” зэрэг уламжлалт тоглоом наадгайгаар тоглож, боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой юм.


Үзэсгэлэнгийн нээлтэд музейн дэргэдэх МУСТА Ч.Цэрэндэжид багштай "Эвийн эгшиг" уртын дууны дугуйлангийн суралцагч Б.Манлай, З.Мөнхзаяа, Г.Мэнд-Асрах, А.Анунгуа нар оролцож ая эгшгээ өргөн барьсан бол морин хуурч О.Ууганбаяр хуурын аялгуугаар олны сонорыг мялаажээ. 


“Нүүдэлчин ахуй” үзэсгэлэн 2025 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх тул иргэд, хүүхэд залуучууд үзэж өв соёлоороо бахархах, танин мэдэх боломжтой юм.

 

Related news