ХӨВСГӨЛ: Аймгийн тэргүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагаар "Титаник" компани шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг "Титаник" компани аймгийн тэргүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагаар шалгарлаа.
"Титаник" компани өнөөдрийн байдлаар 120 гаруй ажилтантай бөгөөд талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу, гоймон, хэрчсэн гурил, цай, жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр цехийн 140 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бөөний 2 цэг, 200 гаруй гэрээт борлуулагч, дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Орон нутгийнхаа талх, талхан бүтээгдэхүүний 15 хувь, гурилан бүтээгдэхүүний 18,4 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 25 хувийг дангаараа хангаж жилд нийт 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Тус байгууллага нь ISO 9001, ISO 22000 гэсэн олон улсын стандартуудыг нэвтрүүлэн, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж сүүлийн 3 жилд техник, технологид нийт 1,7 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, 2023-2024 онд 245,2 сая төгрөгийн татварын орлогыг бүрдүүлжээ.
Ийнхүү нийгэм эдийн засагт болон
орон нутагт ажлын байр бий болгох, худалдаа үйлчилгээний салбарыг хөгжүүлэх,
боловсрол, эрүүл мэндийг дэмжих, Монгол улсын татварын орлогыг нэмэгдүүлэхэд
эерэг нөлөө үзүүлж ажилласан тул Хөвсгөл аймгийн тэргүүний үйлдвэрлэл,
үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжээр шалгарч шагналыг Мөрөн сумын удирдлагууд гардуулж баяр хүргэлээ.