Дэлхийн шилдэг кофе шоп Сиднейд ажилладаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 27 /CNN/. Дэлхийн хамгийн шилдэг кофе шоп Сиднейд байдгийг албан ёсоор баталгаажуулжээ. Австралийн энэ хот шилдэг кофе шопуудын жагсаалтыг олон жилийн турш тэргүүлсэн Мельбурнийг ардаа орхисноор шинэ жагсаалтын эхэнд бичигдлээ.
Дэлхийн шилдэг кофе шопоор Сиднейн “Toby's Estate Coffee Roasters” шалгарсан бол Арканзасын “Onyx Coffee Lab”, Австрийн Вена хотын “Gota Coffee Experts”, Мельбурн хотын “Proud Mary Coffee”, Норвегийн Осло хотын “Tim Wendelboe” удаалжээ. Шилдэг 10-т Сингапур, Франц, Малайз, Колумбийн кафенууд мөн багтсан
байна.
Дэлхий даяарх кофе
шопуудыг кофе, хоолны чанар, байгальд ээлтэй байдал, үйлчилгээ зэрэг олон
шалгуураар үнэлжээ. “Дэлхийн
шилдэг 100 кофе шоп”-ын
жагсаалтын эцсийн
шалгаруулалтыг хийхийн тулд
олон нийтийн санал, шинжээчдийн үнэлгээг мөн харгалзан үзсэн
байна.
“Toby's Estate” кофе шопын ерөнхий менежер Жоди Леслигийн ярьснаар, хамт олон нь энэ мэдээг сонсоод туйлын их баярласан гэнэ. “Бид кофены бизнест хөл тавиад удаж байгаа, бид хийж байгаа зүйлээ үнэхээр гайхалтай гэдгийг мэддэг, тууштай байхын тулд маш их хичээж ирсэн, тиймээс ийнхүү хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг” гэж тэрбээр ярилаа.
Сидней хотын баруун өмнөд хэсгийн Чиппендейл дүүрэгт байрладаг хамгийн том салбар нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн бөгөөд уг кофе шоп Австрали, Ази, Ойрх Дорнодод олон салбартай юм. Ж.Леслийн хэлснээр, шилдгээр шалгарсан мэдээлэл цацагдсанаас хойш кофе шопын борлуулалт нэмэгдсэн байна.