Монголчуудын үндэсний баяр-Цагаан сар
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Цагаан сар бол жаварт өвлийн бэрх хүйтнийг өнтэй давж, урин дулаан цагтай учран золгосон монгол түмний амжилт, ялалтын баяр төдийгүй хүмүүн тавиландаа нэг нас нэмсний баяр билээ.
Хубилай
хааны ордонд олон жил суусан Венецийн элч Марко Поло Цагаан сарын баярын тухай
тэмдэглэхдээ, “Энэ өдөр хээ угалзтай тохош нөмөргөж, алт, мөнгөөр чимэглэсэн,
гоё сайхан авдар сав ачсан заанууд, бэлэг сэлт ачсан тэмээн жин хааны
ордонд хүрэлцэн ирнэ. Бэлэг сэлт барьсны дараа найрын ширээ засаж, бүгд найрлан
цэнгэнэ. Илбэчин, бүжигчид ирж, ордныхныг цэнгүүлэн хөгжөөнө. Ийм баяр ёслолын
үеэр их хаадын өмнө сургуультай арслан авчрах бөгөөд тэр нь эзнээ таньсан ноход
мэт хааны хөлд цагариглан хэвтээд өгнө” гэж бичсэн байдаг.
Цагаан сар нь хуучин оныг үдэж битүүлэх, шинэ оныг угтаж шинэлэх хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
Битүүлэх ёсон
Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” гэдэг. Дорнын үндэстний давтагдашгүй содон уламжлалтай монголчуудын хувьд өвлийн адаг сарын сүүлийн энэ өдөр тун ч чухал юм. Битүүний өдрийн бүхий л зан үйл ирж буй оноо угтсан гэрэл гэгээтэй, өөдрөг үзлээр дүүрэн байдаг.
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Энэ нь буддын мянган бурхны нэг Лхам бурхан энэ үдэш дэлхий ертөнцийг нүд ирмэхийн зуурт тойрч айл бүрд зочилдог хэмээх домогтой холбоотой бөгөөд тотгон дээрх мөс нь Лхам бурхны хүлгийг ундаалах ус юм.
Битүүний энэ үдэш монголчууд
цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс буурлуудаа хоймортоо залж, идээ будаа дэлгэн айл
хотлоороо цугларан бэлгэ дэмбэрэлтэй сайн сайхан үгсийг хэлэлцдэг.
Битүүний орой бор идээнээс эхлэн зооглож цагаан идээгээр өндөрлөдөг. Учир нь бор идээ өнгөрсөн болон эрээн бараан үйлийн эцэс төгсгөлийг, харин цагаан идээ нь шинэ ондоо бүхнийг шинээр, цэвэр ариунаар эхлэхийн бэлгэдэл хэмээн үздэг. Бор идээнд бүхэл мах, битүү хоол буюу бууз, банш, шимийн архи ордог. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярих, шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих зэргээр тоглодог.
Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулах, нохой зодохыг цээрлэж харин нохойгоо цадтал хооллоно. Мөн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, хувцсаа гадаа хонуулах, идээ ундааны савыг хоосон байлгах, өөрөө өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд ийнхүү шингэжээ.
Шинэлэх ёсон
Монголчууд
шинийн нэгний өглөө ургах нартай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөн, цайгаа
чанаж цай идээнийхээ дээжийг алтан нар, байгаль дэлхийдээ өргөсний дараа золгодог.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний тэнгэрийн байдлаар шинэ гарах жилийн өнгийг тодорхойлон шинжих нь олонтаа. Тухайлбал, шинийн нэгний өглөө эхнэр хүн эртлэн гарч үүлний өнгө, малын хэвтэж буй байдлыг ажиглаж зун өвлийн шинж, хур бороо хэр орох, өвс ногоо хэр ургах зэргийг шинждэг байжээ. Харин эрчүүд өндөр уул эсвэл өөрийн шүтдэг овоонд гарч, хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай. Мөн анхны нарыг харсан хэн бүхэнд ирж буй цаг гэрэл гэгээтэй байж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ хэмээн бэлгэшээдэг.
Эл өдрийн нэн хүндтэй ёслол нь ахмад буурлууд, аав ээждээ золгох юм. Золгохдоо эдийн дээд хадгийг ахмадуудад барьж хүндэтгэлээ илэрхийлдэг. Хадаг нь хээ угалзаараа олон янз бөгөөд урт, богиноороо ч харилцан адилгүй. Тухайлбал, Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд барьдаг.
Хадаг барих ёсонд дүү нь ахмаддаа
хадгаа өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгөлгүй, хадагныхаа
нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хуруунд ороогоод чигчий хуруу тал руу
уншжуулсан чигээр золгодог. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадаг барьж
байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа барьчихаад мэндийг асуудаг ёстой.
Золгосны дараа сууцгааж хөөргөө солилцон тамхилж, бэлгэтэй сайхан үгсээр амар амгалангаа эрэн мэндчилдэг. Тэгэхдээ ахмад хүнд эхэлж хөөрөг барих ба хөөрөгнийхөө толгойг бага зэрэг султган өөрөө нэг үнэрлээд барьдаг. Энэ үед хөөрөг барьсан болон авсан хүн аль аль нь бага зэрэг мэхийж, гар сунган хүндэтгэлтэйгээр хөөрөглөнө.
Сар шинийн зоог
Монголчууд
хүндэтгэлийн тавгаа хэвийн боов, ааруул, цагаан идээгээр засдаг. Ингэхдээ
өрхийн тэргүүний нас сүүдэр, үр хүүхэд, ач зээгийн тооноос хамаарч гурваас есөн
үе өрдөг. Тавгийн идээг нэгээс хоёр үе өрдөггүй бөгөөд заавал гурав, тав гэхчлэн
сондгой үеэр өрдөг нь жаргал, зовлон ээлжлэн байдаг хорвоод бүх юм жаргалантай
байхын бэлгэдэлтэй холбоотой.
Жараас наян нас хүртэл таваар таван үе, 80-100 нас хүртэл таваар долоон үе, 100-гаас дээш насалсан хүн таваар есөн үе засдаг уламжлалтай.
Мөн хонины ууц нь сар шинийн гол идээ. Хонины ууц нь зургаан хавирга, ууц, сүүлний хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гэхдээ айл бүр ууц тавих албагүй. Ууц тавих нь ёс дэгтэй, нарийн учиртай учир залуу гэр бүл махан зоог буюу гэдэс, шийрээс бусад тураг махаар зоог засаж болдог.
Түүнчлэн
хүндэтгэлийн зоогт бууз, айраг цагаа, шимийн архи гэхчлэн олон идээ ундаа
багтдаг. Шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн буян
хишиг тогтоно гэж үздэг учир айл бүр сар шинийн идээ удаандаа ихэд анхаардаг уламжлалтай
билээ.