ДУНДГОВЬ: 100-гаас дээш насалсан ахмадуудын дунд түүхийн амьд гэрч болсон 2 буурай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан 100-гаас дээш настай ахмадуудад
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг гардуулж, 90-ээс дээш настай ахмадуудад аймгийн
Засаг дарга хүндэтгэл илэрхийллээ.
Дундговь аймгийн хэмжээнд 100-гаас дээш настай долоо,
90-ээс дээш настай 140 ахмад байна.
Өндөр насыг насалсан ахмад буурлуудын дунд Монгол Улсын
гавьяат малчин, олноо “фронт” хэмээх алдаршсан, ахмад дайчин Сүрэнхорын Цэгмид,
1945 оны чөлөөлөх дайнд оролцсон
Намсрайн Пүрэвжалба нар
байна.
1945 оны чөлөөлөх дайнд Дундговь аймгаас
800 гаруй цэрэг татагдан оролцож байснаас Дэрэн сумын харьяат Н.Пүрэвжалба
түүхийн амьд гэрч болон бидний дунд амьдарч байна. Тэрбээр 1924 онд төрсөн,
1944 онд цэргийн албанд татагдан Сулинхээрийн 9 дүгээр отрядад алба хааж
байжээ.
Харин ахмад дайчин С.Цэгмид Сайхан-Овоо суманд амьдарч
байна. Тэрбээр 18 наснаасаа мал маллаж, ажил хөдлмөрөөрөө шалгаран Улсын сайн
малчдын анхдугаар хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, тэндээсээ дэлхийн
хоёрдугаар дайны фронтод бэлэг хүргэж өгсөн түүхэн хүн юм.
С.Цэгмид 18 насандаа “Улсын сайн малчин” болж,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан бол 82 жилийн
дараа “Гавьяат малчин” цол хүртсэн байна.