Богд хааны ордон музейд 50 гаруй Цагаан Дара эх дэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. "Шинийн наймны Цагаан Дара эх" үзэсгэлэн Богд хааны ордон музейд өнөөдөр нээлтээ хийлээ.
Цагаан дара эхийг Богд хааны ордонд анх бүтээж эхэлсэн нь Дондовдулам цагаан дара хатантай холбоотой бөгөөд 1902 оны цагаан сараар VIII Богдын дэргэд суух Цагаан дара ноёнд гэрээс гарсны тэмдэг бичиг, эрх ямба эдлэх цалин пүнлүү олгох хүсэлт явуулсны хариуд, Манжийн Цыши хатнаас сар бүр цалин пүнлүү олгож “Цагаан дара ноён” цол олгожээ. Энэ явдалд зориулж шинийн 8-нд Цагаан дара эхийг Богдын ордонд бүтээх уламжлал эхэлж 1924 хүртэл үргэлжилсэн аж.
Богд хааны ордон музейд нэг өдөрт буюу наран мандах цагаас жаргах хүртэл Цагаан дара эх бүтээлийг 2013 оноос сэргээж Монголын Бурхны Шашны Урлахуйн Ухааны Хүрээлэнгийн урлаачид цагаан дара эхийг урлах уламжлал тогтжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд сэртан мартан танка зураг, зээгт наамал, цагаан дара эхийн шуумал дүрүүдийг музейн фондоос 50 гаруй цагаан дара эх дэлгэж байгаа аж.
"Цагаан дара эхийг бясалгах арга" тайлбар хичээл нь үзэсгэлэнгийн онцлох нэгэн үйл явдал болно. Цагаан дара эх бүтээлүүдийг бясалгалд зориулж анхлан урлаж бүтээсэн учир "Цагаан дара эхийг бясалгах арга"-ыг өргөн олон түмэнд Жавзандамба хутагт төвийн багш, Сэра жэ хийдийн Гэвш Лхаарамба Түвдэнчойсан лам, орчуулагч Дашчойнпэл дацангийн гэвш Түвдэнцэрэн лам зааж тайлбарласан юм.
Цагаан дара эхийн бясалгал нь урт наслуулах арга техник юм гэж бурхны шашинтнуудын дунд маш их алдаршжээ. Хүний сайн үйлийн үр, ач буян буурч байвал цаг бусын үхэлд хүргэж болзошгүй саад бэрхшээлээс тулгарч магадгүй юм. Цагаан эхийг бясалгах аргыг мэдсэнээр урт удаан насалж олон буян хураах хүчирхэг аргуудыг одоогоос сурч дадлагажуулж болно.