“Их хотын бүсгүйчүүд 2025” салбар бүрийн шилдэг есөн эмэгтэйг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-07 17:33:11

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/.  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг “Их хотын бүсгүйчүүд-2025” хүндэтгэлийн ёслол боллоо.


НЗДТГ-аас хотын бүтээн байгуулалт хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд үнэт хувь нэмрээ оруулж буй  эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг олон нийт, залуу хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор энэхүү ёслолыг жил бүр зохион байгуулдаг. Ёслолын хүрээнд ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн нийгэмдээ үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.


Зургаа дахь жилдээ болж буй ёслолын хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэйгээр 120 гаруй бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хэрэгжүүлэх санал боловсруулж хүргүүлсэн Б.Болороо шалгарлаа. 



Тэрбээр “Хүн хаана байгаагаас үл хамааран хийсэн ажил чинь чамайг тодорхойлно гэж ээж минь хэлдэг. Миний баримталдаг зарчим бол нэг удаагийн шинжтэй  ажил бус асуудлыг цогцоор нь шийдэхийг хичээдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд зөвөөр таниулж, тэдний амьдралын чанарыг нь дээшлүүлсэн бодлогын ажил хийх юмсан гэж зорьж явдаг. Би өнгөрсөн хугацаанд зөв зүйлийн төлөө явж,тэр маань хүмүүсд хүрсэн юм байна гэж бодож энэхүү шагналыг авлаа. Цаашид ч хийх ажил их байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Түүнчлэн спортын салбарын шилдгээр олимпын мөнгө, ДАШТ-ий алтан медальт Б.Баасанхүү, соёл урлагийн номинацийн шилдгээр гавьяат жүжигчин У.Уранчимэг тодров. Мөн алдарт эх, бизнес, боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын шилдгүүдийг тодруулж, өргөмжилсөн юм.

 

Related news