Зам, тээврийн салбарт 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Монгол Улсад зам, тээврийн салбарын 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд 1990
оноос хойших хугацаанд автотээвэр, төмөр
зам, авто зам, далай, усан зам, иргэний нисэхийн тээврийн үйлчилгээний үйлчлэх
хүрээ тэлж, Ази, Европыг холбосон томоохон тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг
бий болгох томоохон зорилго дэвшүүлжээ.
100 жилийн босгон дээр анх удаа 2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч, МИАТ компани нэг сая дахь зорчигчоо тээвэрлэн, “Чингис хаан” нисэх буудал олон улсын үйлчилгээний дөрвөн одтой нисэх буудал болохын сацуу дэлхийн томоохон 100 хотын нисэх буудалтай үйлчилгээний чанар, агаарын хөлгийн болон зорчигчийн үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэн тав тух, хүртээмжээрээ тэргүүлж буй нисэх буудлын нэг болсон байна. Харин автотээврийн салбарын хувьд гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж нийт 17 улстай хэлэлцээр байгуулж, 22 улстай олон улсын автотээвэрлэлт хийж байна. Мөн уул уурхайн экспортын тээвэрлэлт нэмэгдэж 82.8 сая.тн ачаа тээвэрлээд байгаа аж.
Энэхүү уулзалтаас зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх, чадавхжуулах, ажиллах орчныг сайжруулахад чиглэлсэн үнэтэй зөвлөмж, шинэ санааг тусгах юм. Зам, тээврийн салбарт 83 мянган хүн ажиллаж байгаагаас 40 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь өмнө оныхоос 3.7 хувиар өссөн үзүүлэлт аж.
ЗТЯ-ны Авто
тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан ярихдаа, “Энэхүү
зөвлөгөөнөөр зам, тээврийн салбарт ажиллаж байгаа эмэгтэй ажилчдын ажиллах
нөхцөл, нийгмийн оролцоо, чадавхжуулж мэргэшүүлэх тал дээр анхаарал хандуулна.
Мөн ямар үйл ажиллагааг, хэрхэн зохион байгуулах тал дээр зөвлөмж гаргана. Энэ
зөвлөмжийг зам, тээврийн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшил, төрийн байгууллага, төрийн бус нийгмийн оролцоотой
байгууллагад хүргүүлж цаашид эмэгтэйчүүдийн ажиллах хүчин нөхцөл сайжруулах,
тодорхой арга хэмжээг авч ажиллана” гэв.
Зам тээврийн салбарын
эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог
юм.