ДУНДГОВЬ: Аймгийн шав тавьсан өдөр тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-10 18:05:04
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр 1942 оны 3 дугаар сарын 9-нд Ембүү дэрсэнэ уснаа Шарангад аймгийн шав тавьж байсан нь өнөөгийн Дундговь аймаг юм.


Аймаг байгуулсан энэхүү өдрийг өчигдөр Мандалговьд тэмдэглэж, бурхан шашинтны төв Дашгэнпэллин хийдийн лам хуврагууд Очирваань бурхныг тахих үйл хийлээ.


Тус аймгийг байгуулахдаа Өмнөговь аймгаас 8, Төв аймгаас 7, Дорноговь аймгаас 3 сумыг нэгтгэжээ. Ембүү дэрсэнэ ус хэмээх газар Мандалговиос урагшаа 46 км зайд Өлзийт сумын нутагт оршдог.


1942 онд МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар тус аймгийн Шарангад нэрийг өөрчлөн Дундговь хэмээн нэрлэж, аймгийн төвийг нүүлгэн, одоогийн байгаа газарт буюу Зоогийн хар овооны энгэрт шилжүүлсэн ба аймгийн анхны даргаар Морьт отрядын жанжин, хошууч генерал, улсын заан Чимидийн Мижид томилогдон ажиллаж байгаад удалгүй өөрчлөгдөн Дооровийн Дашзэвгийг томилж байсан юм.


Өнөөдөр тус аймаг 15 сум, 68 багтай, 7469.0 мянган га нутаг дэвсгэртэй, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймагтай хил залгаа байрлаж байна.


2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3.4 сая мал тоолуулсан, 46.1 мянга гаруй хүн амтай, хүн амын 49.6 хувийг эмэгтэйчүүд, 50.4 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. 




Related news