ДУНДГОВЬ: ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ирэх сарын 7 хүртэл хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-11 18:58:55
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг энэ сарын 8-наас хүлээн авч байна. 


Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон орон нутгийн төсвөөс хамтран санхүүжилтийн эх үүсвэр гаргаж байгаа нь онцлог ба энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр ХХААХҮЯ болон ЖДҮГ Дундговь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулжээ.


Санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ ХХААХҮЯ-аас 600.0 сая, орон нутгаас 400.0 сая төгрөг, нийт 1.0 тэрбум төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу зээлийн хүсэлтэд үндэслэн шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагад олгох юм.


Хөнгөлөлттэй зээлийг дараах нөхцөлөөр олгоно. Үүнд:

Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, Эргэлтийн хөрөнгө /40 хувиас хэтрэхгүй/Зээлийн хугацаа: 5 хүртэл жил

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар

Зээлийн хүү: 5 хувь (жилийн)


Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 17:30 цаг хүртэл www.sme.gov.mn цахим хаягаар хүлээн авахыг аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Related news