Улаанбурхан өвчний 18 тохиолдлыг бүртгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-14 11:59:25

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  ХӨСҮТ-өөс томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээллээ.  


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр мэдээлэлдээ, "Одоогийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, нийслэлд 15, Өмнөговь аймагт гурван тохиолдол батлагдсан. Энэ халдвараар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь бага насныхан, тэр дундаа товлолт вакцинаас хоцорсон эсвэл хийлгээгүй хүүхэд байна. Өвчлөл сургууль, цэцэрлэгийн орчинд нэмэгдэж байна. Цаашид улсын хэмжээнд халдвар тархах эрсдэлтэй. Улаанбурхан нь тууралт гарахаас өмнө дөрөв, гарсны дараах дөрвөн хоногт халдварлах чадвар өндөр байдаг. Ямар нэгэн байдлаар хоолой өвдөх, халуурах, тууралт гарах шинж тэмдэг илэрсэн л бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй" гэсэн юм.


Харин ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэхдээ, "Томуу томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Цагаан сарын баяртай холбоотой өвчлөл нэмэгдсэн. Тухайлбал эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 6.8 хувь нь энэ шалтгаанаар ирж байсан бол одоо гурван хувиар өсч 9.8 хувь болсон. Түүнчлэн энэ сард менингитийн нэг тохиолдол бүртгэгдэж, хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид амьсгалын замын халдвараас сэргийлэхийн тулд маск зүүх, дулаан хувцаслах гэхчлэн эрүүл ахуйн дүрмээ чанд сахих шаардлагатай байна" гэв.

 

Улаанбурханы дархлаажуулалт болон нөхөн дархлаажуулалтыг өрх, дүүргийн эмнэлэгт, сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-д хийж байна. Иймээс иргэд олон нийт вакцинд хамрагдсан эсэхээ тодорхойлж, хамрагдаагүй бол дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй. Улаанбурхны халдварыг хяналтдаа авахад иргэдийн оролцоо, дэмжлэг хэрэгтэйг эмч мэргэжилтэнүүд тодотголоо.

 

 

 

 

 

 

 

 

Related news