ЗАВХАН: Төрийн албаны зөвлөлийн ажлын баг сумдад ажиллаж зөвлөн тусалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймагт төрийн албаны зөвлөл болон яам, агентлагийн салбар
зөвлөлийн хамтарсан бүрэлдэхүүнтэй ажлын баг ажиллаж байна.
Ажлын баг Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу энэ сарын 22-29-ний өдрүүдэд Завхан аймгийн 24 суманд ажиллана.
Ингэхдээ төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буйд хяналт тавихаас гадна хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт, шалгалт хийх юм.
Мөн төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн тусалж ажиллах юм.
Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын баг аймгийн төв Улиастайд ажиллаж, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзалт хийж, мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгч, тэдний тулгамдсан асуудлуудыг сонсож ярилцсан байна. Энэ үеэр төрийн байгууллагуудын хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа болон Улиастай сумын Засаг дарга, төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны тухай шинэтгэлийн бодлогын хэрэгжилт, орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Аймгийн 24 суманд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.Мөнхгэрэл нараар ахлуулсан ажлын баг ажиллаж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгч, тэдний тулгамдсан асуудлуудыг сонсож байна