"Төв Ази-Европын Холбоо" дээд хэмжээний уулзалт боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТАШКЕНТ, 2025 оны дөрөвдүгээр сарын 5 /UZA/. Төв Азийн таван улсын удирдагчид, мөн Европын Холбооны /ЕХ/ гол байгууллагууд болох Европын Зөвлөл, Европын Комиссын удирдлагууд оролцсон "Төв Ази-Европын Холбоо" анхны дээд хэмжээний уулзалт Узбекистаны Самарканд хотод өнөөдөр боллоо.
Дээд түвшний уулзалтын төгсгөлд Түншлэлийн тухай хамтарсан тунхаг бичигт талууд гарын үсэг зурж, хоёр бүс нутгийн эдийн засаг, хүмүүнлэг, технологийн интеграцчилалд чиглэсэн томоохон багц санаачилгуудыг баталжээ.
Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёв даргалан явуулсан уг уулзалтад Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан улсын төрийн тэргүүн нар болон Европын Зөвлөлийн дарга Антонио Кошта, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар оролцлоо.
Ш.Мирзиёв хэлсэн үгэндээ, Төв Азийн бүс нутагт нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг дурдаад хэдхэн жилийн өмнө интеграцийн талаар ийм өндөр түвшинд ярих боломжгүй байсан гэдгийг онцолжээ. “Тухайн үед хил хаалттай, худалдаа зогсонги байдалтай, хүмүүнлэгийн солилцоо үндсэндээ байхгүй байлаа. Харин одоо Төв Азийн бүс нутаг гол тоглогч болж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Харин Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжилд Төв Азийн бүс нутаг чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Уулзалтын үеэр Европын орнуудад ногоон эрчим хүч нийлүүлэх, газрын ховор металл, цахимд шилжилт зэрэг чухал салбаруудад хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцсэн байна. Мөн ЕХ бүс нутаг дахь хүмүүнлэгийн болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохыг эрмэлзэж байгаагаа дахин илэрхийлжээ.
Дээд хэмжээний уулзалт түншлэлийн стратегийн чиглэлийг тодорхойлсон хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурснаар өндөрлөжээ. Уулзалтаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах үүднээс Шадар сайдын түвшинд жил бүр хуралддаг байнгын ажиллагаатай Түншлэлийн хороог байгуулахаар тохиролцжээ.
Ирэх есдүгээр сард Ташкент хотод бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалт, Бухар хотноо “Төв Ази-ЕХ” аялал жуулчлалын анхдугаар форум болно.