ОРХОН: Өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаанд "Уран эгшиг" сургуулийн сурагчид амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбооноос зохион байгуулсан “Piano lovers-4” өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаан Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд боллоо. Уралдаанд нийт 18 аймгийн төгөлдөр хуурын багш, 100 гаруй сурагч оролцлоо.
Орхон аймгаас Соёл урлагийн цогцолборын дэргэдэх дугуйлангийн болон "Уран эгшиг" сургуулийн төгөлдөр хуурын 20 багш 10 шавийн хамт оролцсон байна.
Тус уралдаанд Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн багш Т.Цэнгэлмаагийн удирдсан сурагчид амжилттай оролцлоо.
Уралдааны ганцаарчилсан төрөлд: 8-9 насны ангилалд "Уран эгшиг" сургуулийн 3б ангийн сурагч Б.Наранмишээл хүрэл медаль,12-13 насны ангилалд 8а ангийн сурагч О.Баттүшиг мөнгөн медаль хүртлээ. Харин хосын төрөлд, 8 хүртэлх насны ангилалд 3а ангийн сурагч Б.Өнөржаргал алтан медаль 13-16 насны ангилалд 8а ангийн сурагч Б.Эмүжин мөнгөн медаль, 13-16 насны ангилалд 8а ангийн сурагч О.Баттүшиг хүрэл медаль тус тус хүртлээ.
Аймгийн хэмжээнд өсвөр үеийн хүүхэд багачуудыг сонгодог урлагт татан оролцуулах, зөв хүмүүжил төлөвшилтэй иргэн болгох зорилгоор Соёл урлагийн цогцолбор болон Хүүхдийн ордон, "Уран эгшиг" сургуульд төгөлдөр хуурын дугуйлангуудыг 20 багш хичээллүүлж байна.