Архангай аймагт “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 19 сумын алсалсан хөдөө багийн 1170 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдана.
Тус аймагт “Таблеттай багш” санаачилгыг эхлүүлж, Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, Сайдын зөвлөх Д.Гантулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Боловсролын газрын дарга Ц.Мөнхбат нар хувилбарт сургалтын багш нар болон гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих таблетад суурилсан сургалтын багцыг хүлээлгэж өгөв.
“Таблеттай багш” санаачилгыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Боловсролын ерөнхий газраас тус санаачилгад нэгдэж буй аймгуудыг мэргэжил арга зүйн талаар чиглүүлж, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг багцыг боловсруулан түгээж байгаа аж.
2025 онд энэхүү санаачилгын
хүрээг өргөжүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас 2024 оны 11 дүгээр сард зохион
байгуулсан хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцсон хувийн хэвшлийнхэн, үндэсний
үйлдвэрлэгчдийн хандив, хөрөнгө оруулалт чухал хувь нэмэр болжээ.