ДУНДГОВЬ: Иргэд харилцааны банкуудад 283.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол банкны Дундговь дахь салбарын мэдээлснээр энэ оны 3
дугаар сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл 283.6 тэрбум төгрөг байгаа нь
өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 44.1 хувиар өсжээ.
Үүнээс анхаарал хандуулах зээл 2.2 тэрбум төгрөг,
чанаргүй зээл 2.1 тэрбум төгрөг байгаа ба өмнөх оны мөн үеийнхээс анхаарал
хандуулах зээл 59.8, чанаргүй зээл 33.7
хувиар тус тус нэмэгдсэн байна.
Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр, "Шинэ хоршоо" хөдөлгөөний
хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 552 хоршоо шинээр байгуулж,
үүнээс 468 хоршооны 1621 малчин 54.88 тэрбум төгрөгийн зээл авсан нь нийт
зээлийн үлдэгдлийн 20 орчим хувьтай тэнцэж байна.
Харин иргэдийн хадгаламж өмнөх оны мөн үеийнхээс 23.6
хувиар өсөж, 117.9 тэрбум төгрөг болжээ. Үүнээс хугацаатай хадгаламж 96.53
тэрбум, хугацаагүй хадгаламж 21.38 тэрбум төгрөг байгаа ба нийт 35091 иргэн
хадгаламж эзэмшиж байна.
Түүнчлэн дээрх банкуудад 94339 иргэн харилцах данстай ба
тэдгээрийн 35 хувь нь мобайл банк, 45 хувь нь интернэт банк, 44 хувь нь SMS
банк, 45 хувь нь карт эзэмшдэг.
Харин картаар үйлчлүүлдэг иргэд харилцагчдын дөнгөж 1,0 хувийг эзэлдэг. Харилцагчдын дунд нийгмийн халамж авдаг 1593, тэтгэвэр тэтгэмж авагч 9064 иргэн байгаа бол хүүхдийн мөнгө авдаг харилцагч 17177 байна.
Ташрамд, тус аймгийн 15 суманд ХААН, Хас, Төрийн
банкны 34 салбар нэгжид 149 хүн ажилладаг.