Шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:31:13

Өвөрхангай аймагт шилэн дансны тухай хууль тун тааруу хэрэгжиж байна. Байгууллагууд мэдээллээ хугацаанд нь тавьдаггүй, төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг ерөнхий дүнгээр тавьж, өр, авлагаа тайлагнадаггүй бол шилэн дансны үзүүлэлтээ огт оруулаагүй 35 байгууллага байгааг албаны хүн хэлж байна. 

 Мөн төсвийг нь нэгтгэснээс болж Арвайхээр хотын захирагчийн алба, Тохижилт үйлчилгээний компани, Хархорин хот тохижилтын газар зэрэг байгууллагуудын мэдээлэл тухайн сумынхаа ЗДТГ-ын мэдээлэлтэй давхар тавигддаг тул дангаараа харагддаггүй, Шилэн дансны мэдээллийн программ цаанаасаа “асуудалтай” учраас мэдээлэл өөр хаягт байрших, давхардах зэргээр хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаж чадахгүй байгааг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга н.Хатанбаатар хэллээ.

Мөн сумдуудад ихэнх байгууллагууд санхүүгийн боломжгүйгээс цахим хаяггүй тул цэсээ нэгдсэн цахим хуудсанд холбосон нь ойлгомж муутай байдаг гэнэ. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын 15 нь, 19 сумын 9 нь өөрийн нэр бүхий цахим хуудаж нээжээ.

Улс орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулахын тулд төсвийн зарцуулалтыг ил тод, нээлттэй байлгах, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог  бүрдүүлэх зорилгоор шилэн дансны тухай хуулийг 2015 оны 1 сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлсэн. Өвөрхангай аймгийн хувьд www.shilendans.gov.mn гэсэн цахим хуудсанд нийт 295 байгууллага бүртгэгдсэн байдгаас 9 сарын байдлаар 88,5 хувь нь буюу  261 байгууллага  давхардсан тоогоор 801 мэдээллийг оруулсан байна.

Б.Батчимэг

Related news