БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-29 12:44:40

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг өнөөдөр И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, хүндэтгэл илэрхийлэн цэцэг өргөв.


И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан эмч бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршиж байжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнаж байжээ. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллаж байсан аж.


Монгол Улс, БНСУ-ын Засгийн газраас түүний дурсгалыг хүндэтгэн 2001 онд “И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-г Улаанбаатар хотноо байгуулсан бол тус цэцэрлэгт хүрээлэнд 2009 онд БНСУ-ын Эх оронч, ахмад дайчдын хэрэг эрхлэх агентлагийн дэмжлэгээр дурсгалын музей байгуулжээ.


Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй хүндэт зочид И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд барьж буй хүндэтгэлийн танхимд саатан И Тэ Жүн эмчийн намтар, түүхийн талаарх баримтат нэвтрүүлэг үзэж, хүндэтгэлийн танхимын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Түүнчлэн дурсгалын музейд саатсан юм.

Дараа нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй хүндэт зочид Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг Чойжин ламын сүм музейд зочилж, Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүмийг үзэж сонирхов. Хүндэт зочдыг Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн угтан авч, Монголын түүх, шашин, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй үзмэрүүдийг тайлбарлан танилцуулсан. Өдгөөгөөс 110 жилийн тэртээ байгуулсан тус сүмийг 2000 онд бие даасан музей болгож, сан хөмрөг дахь түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэрийн 77 нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг байна.


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.


БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Related news