Аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-05-04 12:16:39

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Парламентын дарга Торунн Свейнбярнардоттирт баасан гарагт бараалхав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр Монгол Улсын 2024 оны сонгуулийн үр дүн, хамтарсан Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулаад, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Исландын хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг онцлов. Ялангуяа, Исланд Улсын тэргүүлэх салбарууд болох аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.


Исландын Парламентын дарга Торунн Свейнбярнардоттир Монгол, Исландын уламжлалт найрсаг харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.



Мөн Исланд Улсын парламентын гадаад бодлого, аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүдтэй уулзаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох талаар ярилцсан бөгөөд олон улсын харилцааны асуудлаар санал солилцож, Монгол Улсын гадаад бодлогын зорилт, үйл ажиллаааг танилцуулсан байна. 

Related news