БАЯНХОНГОР: Улиас, бургасны 10000 суулгац тарьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ажилчид улиас, бургасны 10000 ширхэг харандаан суулгацыг тарьж байна.
Мөн нэг наст цэцгийг салган суулгаж, ургалтыг нэмэгдүүлэн, арчилж торджээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн аймгийн төвийн цэцгийн мандлуудыг сэргээн засаж, шинээр хийж цэцэг тарих бэлтгэл ажлаа хангаж байна.
Түүнээс гадна "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ажилчид намрын мод тарих ажлын хүрээнд шинээр мод тарьж, өмнө нь тарьсан газруудад нөхөн тарилтаар мод бут тарьж байна. Тус газар аймгийн төв тойрсон ойн зурвас, нийтийн эзэмшлийн талбайн мод, бутны арчилгаа тордолгоог хариуцан ажилладаг.
Сонирхуулахад, Баянхонгор Ойн зурваст 21 мянган мод, Мазаалай парк 11 мянга, Гурван бүс парк 25 мянга, Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд 1500, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 40 мянга гаруй мод ургаж байна. Өмнөх мод тарилтаар 6000 мод нэмж тарьсан бол хаврын мод тарилт ийнхүү эхэлж байна.


