“Уур амьсгалын нөлөөллийн тайлагналын удирдамж”-ийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-09 11:58:55

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Санхүүгийн байгууллагуудад зориулан боловсруулсан “Уур амьсгалын нөлөөллийн тайлагналын удирдамж”-ийн нээлт болжээ.


Үүнийг “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл” (NDC Partnership)-ээс санхүүжүүлж буй “Төв банкийг ногоон болгоход бэлэн байдлын дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Монголбанк НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс болон Монголын Тогтвортой санхүүгийн холбоотой хамтран хэрэгжүүлж байна. Энэ нь Монгол Улсын санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг тусган тайлагнах үйл явцыг эхлүүлж буй юм. Удирдамжийг олон улсын СТОУС S1, S2 (IFRS) стандарттай уялдуулан Монгол Улсын онцлогт нийцүүлэн боловсруулсан бөгөөд санхүүгийн байгууллага уур амьсгалын эрсдэлээ үнэлж, ил тод тайлагнахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.


Нээлтийн үеэр Монголбанкны ерөнхийлөгч Л.Лхагвасүрэн үг хэлэхдээ, “Ган, зуд, үер зэрэг биет эрсдэлийн давтамж ойртож, хохирол нэмэгдэж байгаа нь хөдөө аж ахуй, дэд бүтэц, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд томоохон эрсдэл учруулж эхлээд байна. Эдгээр эрсдэлийг үнэлж, тайлагнах тогтолцоог бүрдүүлснээр уур амьсгалтай холбоотой ил тод байдлыг нэмэгдүүлж, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг татах суурийг бий болгоно” гэжээ.


Харин НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч ноён Яаап ван Хиерден “Удирдамжийн тусламжтай Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авахын зэрэгцээ, тогтвортой, тэсвэртэй эдийн засаг руу шилжихэд чиглэсэн санхүүгийн тогтолцоог төлөвшүүлэх шийдэмгий алхам хийж байна” гэв.


Энэ үеэр удирдамжийн ерөнхий зарчим болон тайлагналын загварыг дэлгэрэнгүй танилцуулж оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Уг санаачилга нь санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлж, байгууллагууд уур амьсгалын эрсдэлээ илүү үр дүнтэй удирдах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ, Монгол Улсад ногоон хөрөнгө оруулалт татах, уур амьсгалд тэсвэртэй төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ гэж үзжээ. 




Related news