Өмнөд солонгосчууд умардынхнаас 11 жилээр илүү урт насалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-03 12:29:58

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд солонгосчууд умард солонгосчуудаас 11 жилээр илүү урт насалж байна. Энэ зөрүү хэдэн арван жилийн турш өөрчлөгдөхгүй байж магадгүй гэж судалгааны тайланд бичжээ.

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж нас 84.6 жил байгаа нь Умард Солонгосын эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад 11.3 жилээр урт байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ Сөүл дэх салбараас өнөөдөр гаргасан судалгааны тайланд дурджээ. Харин Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь умард солонгосчуудынхаас 11.7 жилээр урт буюу 78 жил болсон байна.

Умард Солонгост байгалийн гамшиг ар араасаа нүүрлэх болсны улмаас хүнсний хомсдол үүсч, эдийн засгийн хямрал газар авч, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар доройтсон зэрэг шалтгаануудын улмаас 1990-ээд оноос хойш хоёр Солонгосын хүн амын дундаж наслалтын зөрүү улам их болжээ.

1965 онд хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж наслалт төдийлөн их ялгаатай биш байв. Тодруулбал, Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд дунджаар 57.6 жил насалдаг байсан бол Умард Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж нас 54.6 жил байв. Харин эрэгтэйчүүдийн тухайд, өмнөдийнхөн дунджаар 52.3 жил насалдаг байсан бол умардынхан 48.4 жил насалдаг байжээ.

Г.Доржханд

 

Related news