Олимп, паралимпийн медальт тамирчдыг 30-60 сая төгрөгөөр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-03 15:43:55

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон зуны Олимпийн XXXI наадам, Паралимпийн XV наадмаас медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад олгох Засгийн газрын мөнгөн шагналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн ордонд гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгодог. Энэ тогтоолын дагуу эдгээр тамирчдад 30-60 сая төгрөг, дасгалжуулагч нарт нь энэхүү шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог болсон.

Өнөөдөр энэхүү мөнгөн шагналыг Олимпийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай, Паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ, дасгалжуулагч Б.Нарантуяа, Д.Батсүрэн, Ш.Энхсайхан нарт гардууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр “Бразилын Олимпийн наадамд улсынхаа нэрийг гаргаж, медалийн буухиаг үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Спорт бол улс орныхоо нэрийг дэлхийд сурталчлах гол салбар. Үүний төлөө хөлс хүчээ урсгаж байгаа тамирчдадаа талархлаа” гэсэн юм. БСШУС-ын сайд Ж.Батсуурь “2016 он Олимпийн жил байлаа. Манай тамирчид Олимпод амжилттай оролцож, Олимпийн хоёр, паралимпийн хоёр медаль эх орондоо авч ирлээ.Амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад өнөөдөр Засгийн газрын мөнгөн шагналыг олгож байна. Мөн өмнөх 2015 онд олгогдоогүй байсан мөнгөн шагналын 1.4 тэрбум төгрөгийг Засгийн газраас бүрэн олгох боллоо” гэсэн юм.

Ёслолын дараа Засгийн газрын шагнал хүртсэн Олимп, паралимпийн медальт тамирчдаас сэтгэгдлийг нь сонссон юм. 

Олимпийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Сумъяа “Амжилтаа үнэлүүлж Засгийн газраас өнөөдөр шагнал авч байгаад баяртай байна. Энэ шагнал бол тамирчдад маш их урам зориг өгч, амжилтад нөлөөлнө гэж боддог. Тамирчид бид улам илүү хичээж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулахаар зүтгэж ажиллана” гэсэн юм.

Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай “Төр засаг маань спортод маш сайн анхаарч ажиллаж байгаад баяртай байна. Тамирчин хүнд санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Энэ шагнал бидэнд маш их дэм тус болж, дараа дараагийн амжилтанд маань нөлөөлнө гэж итгэж байна” гэв.

Паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ "Төрийнхөө хайр хишгийг хүртээд мөнгөн шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Бид дараагийн тэмцээн уралдааныхаа бэлтгэлд гарчихсан. Одоо Токио-2020 олимпод амжилттай оролцож, медаль авч ирэхийн төлөө зүтгэнэ" гэлээ.

Паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү "Паралимпийн баг тамирчдын хөлс хүчийг өндрөөр үнэлсэнд маш баярлаж байна. Спортыг, паралимпийг дэмждэг бүх хүмүүст баярлалаа. Бид дараа дараагийн тэмцээн уралдаандаа амжилт гаргах урам зориг, сэтгэлийн дэм авлаа" гэв.

Паралимпийн дасгалжуулагч Ш.Энхсайхан “Би спортод хөл тавиад 42 жил, дасгалжуулагчаар 30 гаруй жил, үүний 10 жилд нь үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллалаа. Дасгалжуулагч хүн бол тамирчинтайгаа маш ойрхон харьцдаг, хүч хөлсөөр нь хөгжүүлэхэд маш их анхаардаг. 2020 оны олимпоос бид алтан медаль авна. 2017 оны 2 сард Эмират улсад дэлхийн цомын тэмцээн болно. Тэндээс бид алт, мөнгөн медаль авч ирнэ” гэсэн юм.  

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Related news