УВС: Цагаан шувуут уулыг 1993 онд улсын тусгай хамгаалалтад авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын өндөр уулын нуга, уулын хээрийн онцлогийг төлөөлөх Цагаан шувуут уул нь Увс нуур, Үүрэг нуурын усан хагалбарт зүүн хойноосоо баруун урагш сунаж тогтсон байршилтай бие даасан мужийг үүсгэдэг өндөр уулын экосистем юм.
Цагаан шувуут уул нь Монгол оронд төдийгүй, дэлхийд нэн
ховордсон цоохор ирвэс, янгир ямаа, аргаль хонь, халиун буга, нохой зээх гэх
мэт ховор амьтдын өлгий нутаг.
Цагаан
шувуут уулын байгалийн унаган төрх, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах
зорилгоор 1993 оны УИХ-ын 83-р тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат
газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. УИХ-ын 2008 оны 05 тоот
тогтоолоор aргаль хонь, баданга хүдэр, халиун буга, зэрлэг гахайн байршил нутаг
болох Баянзүрх уулыг улсын тусгай хамгаалалтад хамруулан хилийн заагийг
өргөтгөжээ. Цагаан шувуут уулын ДЦГ нь нийтдээ 33,304 га талбайг хамарч
байна.
Энд 72 зүйлийн хөхтөн амьтад амьдардгаас цоохор ирвэс,
аргаль хонь, янгир ямаа, баданга хүдэр, халиун буга зэрэг амьтад Монгол Улсын Улаан номд орсон байна.
Цагаан шувуут уулын нутаг дэвсгэрт Хэрээ, Үүрэг нуур бий. Мөн Цагаан шувуут, Шар хамар уулнаас эх авсан Их хөсөрхөг, Бага Хөсөрхөг,
Шар хадны гол, Ёлын булаг зэрэг голтой.
Цагаан шувуут уул нь хэрчигдэл ихтэй шовх хянга хяр, хад
асга бүхий эгц хажуутай, далайн түвшнээс дээш 3000 гаруй метр өргөгдсөн, өндөр
уулын нуга, уулын хээрийн өвөрмөц орчныг
төлөөлж өндөр уулын ховор, ховордсон амьтан шивээлэн орших өвөрмөц сонин
тогтоц, байгалийн үзэсгэлэн бүхий газар юм.